Удирдлага
Баг ба эрх
Ажилтан урих, эрх сонгох, аль яриа ба сувгийг харахыг хязгаарлах, өөрийн эрх үүсгэх, эзэмшил шилжүүлэх.
Удирдлага
Баг ба эрх
Ажилтан бүрийг зөв эрхтэй, зөв яриа, зөв сувагтай тохируулах.

Энэ хичээл нь багаа удирддаг хүнд (эзэн, менежер) зориулагдсан. Дуусахад та ажилтан бүрийг урьж, түүнд яг хэрэгтэй эрхийг өгч, харах ярианых нь хүрээ болон сувгийг хязгаарлаж чадна.
Жирийн ажилтан энэ хичээлийг ойлгох зорилгоор уншина: яагаад зарим цэс танд харагдахгүй, яагаад зарим яриа жагсаалтад алга байгааг эндээс ойлгоно.
Энэ хичээлээр
- 01Ажилтан бүрт гурван тохиргоо
- 02Ажилтан урих ба урилга хүлээн авах
- 03Таван үндсэн эрх
- 04Өөрийн эрх үүсгэх
- 05Хандалтын хүрээ ба сувгийн хандалт
- 06Жишээ тохиргоо, эзэмшил шилжүүлэх, үйлдлийн түүх
Хичээл зургаан хэсэгтэй. Эхний ойлголт (гурван тохиргоо) нь бусад бүх хэсгийн түлхүүр тул түүнийг сайн тогтоогоорой.
Ойлголт
Ажилтан бүрт гурван тохиргоо
Гурвуулаа серверт хэрэгждэг: дэлгэцээс нуугдаад зогсохгүй, хандах боломж өөрөө хаагдана.
Юу хийж чадах
Хариулах, бараа засах, AI тохируулах, баг удирдах гэх мэт зөвшөөрлүүдийн багц.
Аль яриаг харах
Бүх яриа, эсвэл зөвхөн өөрт оноогдсон болон хэнд ч оноогдоогүй яриа.
Аль сувгийн яриа
Бүх суваг, эсвэл Messenger, Instagram, Telegram, вэб виджетээс сонгосон нь.
Ажилтан нэмэх бүрт гурван асуултад хариулна.
- Эрх: тэр хүн юу хийж чадах вэ? Жишээ нь яриа уншиж хариулах, бараа засах, AI-ийн тохиргоо өөрчлөх, баг удирдах.
- Хандалтын хүрээ: аль яриаг харах вэ? Бүх яриа, эсвэл зөвхөн өөрт нь оноогдсон болон хэнд ч оноогдоогүй яриа. Хүрээ нь эрхийн нэг хэсэг тул эрхийн хамт тохируулагдана.
- Сувгийн хандалт: аль сувгийн яриа харах вэ? Энэ нь хүн тус бүрт тусад нь тохируулагдана.
Гурвуулаа серверт хэрэгждэг. Өөрөөр хэлбэл хязгаартай ажилтан линк хуулж нээсэн ч хориотой яриаг харж чадахгүй.
Хаана
Тохиргоо, Баг хуудас

- Тохиргоо апп, Баг. Доор нь Эрхүүд, Үйлдлийн түүх.
- Багана: Гишүүн, Эрх, Сувгийн хандалт. Мөр бүрийн төгсгөлд цэс.
- Дээд талд Таны эрх тэмдэг, баруун талд Гишүүн урих.
Хажуугийн цэсний Тохиргоо апп руу ороод Баг хэсгийг сонгоно. Баг нь Мэргэжлийн шатанд багтдаг тул цэсэнд харагдахгүй бол Мэргэжлийн шатны "Нээх" дээр дарна, эсвэл хайлтаар (Cmd+K эсвэл Ctrl+K) "Баг" гэж бичнэ.
Хүснэгтэд гишүүн бүрийн нэр, эрх, сувгийн хандалт харагдана. Өөрийн мөр дээр "Та" гэсэн тэмдэг байна. Мөрийн төгсгөлийн гурван цэгтэй цэснээс эрхийн дэлгэрэнгүй, суваг хязгаарлах, эзэмшил шилжүүлэх, хасах үйлдлүүд гарна.
Хуудасны гарчгийн хажууд Таны эрх гэсэн тэмдэг таны одоогийн эрхийг харуулна. Гишүүн урих товч зөвхөн баг удирдах эрхтэй хүнд харагдана.
Баг бүх багцад, Free шатанд ч ажилладаг. Гишүүн тусдаа багц авах шаардлагагүй.
Алхам 1
Ажилтан урих
- 1
Гишүүн урих
Баг хуудасны баруун дээд товч.
- 2
Имэйл ба Эрх
Ажилтны нэвтрэх имэйл, дараа нь эрх сонгоно.
- 3
Урилга илгээх
Баталгаажуулна. Имэйл явж, урилгын холбоос хуулагдана.

- Баг хуудсанд Гишүүн урих дарна. "Багийн гишүүн урих" цонх нээгдэнэ.
- Имэйл талбарт ажилтны имэйлийг бичнэ. Энэ нь ажилтан OpenBot-д нэвтрэх имэйл байх ёстой: урилгыг зөвхөн тэр хаягаар нэвтэрсэн хүн хүлээн авч чадна.
- Эрх сонголтоос эрх сонгоно (дараагийн слайдууд). Эзэн эрхээр урих боломжгүй, эзэн ганц.
- Урилга илгээх дарахад "Урилга илгээх үү?" гэж асууна, дахин баталгаажуулна.
Дараа нь хоёр зүйл болно: ажилтны имэйл рүү урилга явна, мөн урилгын холбоос таны санах ойд хуулагдана ("Урилгын холбоос хуулагдлаа"). Имэйл нь спам руу орсон бол холбоосыг ажилтанд Messenger эсвэл чатаар шууд илгээж болно.
Урилга 7 хоног хүчинтэй. Нэг имэйлд хүлээгдэж буй урилга аль хэдийн байвал дахин илгээхгүй. Та өөрт байхгүй эрхийг хэнд ч олгож чадахгүй: жишээ нь удирдагч хүн өөрөөсөө их эрхтэй өөрийн үүсгэсэн эрхээр урьж чадахгүй.
Алхам 2
Ажилтны тал: урилга хүлээн авах
- 1
Холбоосыг нээх
Имэйл дэх эсвэл танаас авсан урилгын холбоос.
- 2
Тэр имэйлээрээ нэвтрэх
Урилга явсан хаягаар. Кодоор баталгаажуулсан байх ёстой.
- 3
Workspace сонгох
Хажуугийн цэсний дээд хэсгийн workspace сонгогчоос.
Ажилтан урилгын холбоосыг нээгээд урилга илгээсэн имэйлээрээ нэвтэрнэ (Google эсвэл имэйлийн нэг удаагийн код). Нэвтэрмэгц тэр workspace-д гишүүн болно.
Гурван түгээмэл саад: - "Энэ урилга өөр имэйл хаяг руу илгээгдсэн байна": ажилтан өөр имэйлээр нэвтэрсэн. Гарч, зөв имэйлээрээ орно, эсвэл та зөв имэйл рүү шинээр урина. - "Таны имэйл хаяг баталгаажаагүй байна": тухайн имэйлээр кодоор нэвтэрч (эсвэл Профайл хэсэгт баталгаажуулж) дахин холбоосыг нээнэ. - "Урилга илгээсэн хүний эрх өөрчлөгдсөн": урьсан хүний эрх буурсан тул шинэ урилга хүснэ.
Нэг хүн олон workspace-д гишүүн байж болно. Гэхдээ эрх нь workspace тус бүрт тусдаа: өөр салбартаа тусад нь урина.
Эрх
Таван үндсэн эрх
| Эрх | Юу хийнэ | Хэнд тохирох |
|---|---|---|
| Эзэн | Бүгд. Эзэмшил шилжүүлэх ганц хүн. | Бизнес эзэмшигч (нэг л хүн) |
| Удирдагч | Баг, тохиргоо, AI, бараа, захиалга, суваг, төлбөр. Эзний оронд багц сунгаж чадна. | Итгэлтэй менежер |
| Гишүүн | Яриа хариулах, бараа ба захиалга засах, харилцагч. AI ба тохиргоог зөвхөн харна. | Борлуулалтын ажилтан |
| Оператор | Яриа бүрэн. Зөвхөн өөрт оноогдсон ба оноогдоогүй яриа. Бусдыг харна. | Чат оператор |
| Зочин | Бүгдийг зөвхөн харна, юу ч засахгүй. | Хянагч, дадлагажигч |
Үндсэн таван эрх бэлэн байдаг, тэдгээрийг засах, устгах боломжгүй.
- Эзэн: бүх эрх. Workspace-д ганц эзэн байна. Эзнийг хасах, эрхийг нь өөрчлөх, сувгийг нь хязгаарлах боломжгүй.
- Удирдагч: баг удирдах, тохиргоо, AI ба мэдлэгийн сан, бараа, захиалга, суваг холбох ба салгах, төлбөр хүлээн авах тохиргоо, маркетинг, тайлан. Мөн эзний workspace-ийн багцыг эзний өмнөөс сунгаж, төлж чадна. Эзэмшил шилжүүлэх эрхгүй. (Эрхүүд хуудасны тайлбарт "Багц, төлбөрөөс бусад" гэж бичигдсэн байж болох ч бодит байдал дээр удирдагч багц сунгаж чадна гэдгийг анхаараарай.)
- Гишүүн: өдөр тутмын ажил. Яриаг бүгдийг харж хариулна, бараа, захиалга, цагийн хуваарь, харилцагчийг засна. AI-ийн тохиргоо, мэдлэгийн сан, flow, коммент дүрэм, маркетингийг зөвхөн харна. Багийн хуудсыг харахгүй.
- Оператор: яриан дээр бүрэн эрхтэй, гэхдээ зөвхөн өөрт оноогдсон болон хэнд ч оноогдоогүй яриаг харна. Харилцагчийг засна, бараа, захиалга, тайланг харна.
- Зочин: бүх хэсгийг харна (яриа ч орно), юу ч өөрчлөхгүй.
Эргэлзвэл бага эрхээр эхэл. Эрхийг дараа нь нэг товшилтоор нэмж болно.
Зөвшөөрөл
Эрх нь хэсэг x үйлдэл-ээс бүрдэнэ
| Хэсэг | Үйлдэл | Жишээ |
|---|---|---|
| Inbox | Харах, Хариулах, Удирдах | Удирдах = яриа оноох, ангилах |
| AI / Knowledge / Catalog | Харах, Удирдах | Мэдлэгийн сан, AI тохиргоо засах |
| Бараа, Захиалга | Харах, Удирдах | Захиалгын төлөв солих |
| Хэрэглэгч / Tags | Харах, Удирдах | Тэмдэг өгөх, блоклох |
| Сувгууд | Харах, Холбох, Салгах | Суваг дахин холбох |
| Баг | Харах, Удирдах | Гишүүн урих, хасах |
| Аналитик | Харах | Тайлан үзэх |
Өөрийн эрх үүсгэхэд зөвшөөрлүүд хэсэг хэсгээр бүлэглэгдсэн байна. Хэсэг бүрт "Харах" ба "Удирдах" (заримд нь "Хариулах", "Холбох", "Салгах", "Илгээх") гэсэн үйлдэл байна.
Дээрх хүснэгтэд гол хэсгүүд бий. Үүнээс гадна: Багц / Төлбөр, Хуудасны тохиргоо, Цагийн хуваарь / Уулзалт, Flow Builder, Comment automation, Постоор борлуулалт, Broadcast, Төлбөр (QPay / Merchant).
Дүрэм: аль нэг хэсгийн удирдах эрх байвал тэр хэсгийг харах эрх дагаж ирнэ. Цэсэнд эрхгүй хэсэг огт харагдахгүй, хуудас доторх эрхгүй товч идэвхгүй харагдана.
Алхам 3
Өөрийн эрх үүсгэх
- 1
Эрхүүд хуудас
Баг, Эрхүүд. Шинэ эрх үүсгэх.
- 2
Эрхийн нэр
Жишээ нь "Instagram оператор". Үндсэн эрхийн нэрийг ашиглахгүй.
- 3
Зөвшөөрөл ба хүрээ
Хэсэг бүрээс үйлдэл чагтална, Хандалтын хүрээг сонгоно.
- 4
Эрх үүсгэх
Дараа нь урих эсвэл эрх солиход сонголтод гарна.
- Тохиргоо, Баг, Эрхүүд (хуудасны гарчиг "Хэрэглэгчийн эрх"). Хоёр таб байна: "Үндсэн эрх" ба "Өөрийн үүсгэсэн эрх". Шинэ эрх үүсгэх дарна.
- Эрхийн нэр: ажлын үүргээр нь нэрлэнэ ("Борлуулалтын оператор", "Контент менежер"). Эзэн, Удирдагч, Гишүүн, Зочин гэсэн нэрийг ашиглах боломжгүй.
- Зөвшөөрөл сонгох: хэсэг бүрээс хэрэгтэй үйлдлүүдийг чагтална. Дээд талын хайлтаар "захиалга" гэх мэтээр хайж болно. Мөн Хандалтын хүрээ-г сонгоно.
- Эрх үүсгэх дарна. Шинэ эрх урилгын болон гишүүний эрх солих сонголтод гарна.
Хязгаар: нэг workspace-д нийт 15 эрх (үндсэн эрхүүдийг оруулаад). Та өөрт байхгүй зөвшөөрлийг шинэ эрхэд оруулж чадахгүй ("Өөрт байхгүй эрхийг олгох боломжгүй").
Эрх устгах: тэр эрхтэй гишүүн байвал устгахын өмнө тэднийг аль эрх рүү шилжүүлэхийг асууна.
Хандалтын хүрээ
Бүх яриа уу, өөрийнх үү
Хүрээ нь эрхэд тохируулагдана. Оператор эрх анхнаасаа "Зөвхөн өөрт оноогдсон".
Бүгдийг харна
Inbox-ийн бүх яриа. Менежер, ахлах ажилтанд.
Өөрийнх + оноогдоогүй
Өөрт оноогдсон ба хэнд ч оноогдоогүй яриа. Өөр хүнийх нуугдана.
Нийтийн дараалал
Хэнд ч оноогдоогүй яриа бүх операторт харагдана. Аль нэг нь авч хариулна.
Бүх харилцан яриа: Inbox-ийн бүх яриа харагдана.
Зөвхөн өөрт оноогдсон (+ оноогдоогүй): ажилтанд өөрт нь оноогдсон яриа, мөн хараахан хэнд ч оноогдоогүй яриа харагдана. Өөр операторт оноогдсон яриа жагсаалтаас хасагдах ба шууд линкээр ч нээгдэхгүй.
Оноогдоогүй яриа бүх операторт харагддаг нь зориуд: шинэ харилцагч бичихэд аль нэг оператор шууд авч хариулна. Ингэснээр яриа хэнд ч харагдахгүй гацахгүй.
Ийм хүрээтэй ажилтны Inbox-д "Зөвхөн танд оноогдсон яриа" гэсэн тэмдэг гарна.
Хүрээ нь эрхийн тохиргоо: нэг хүнд биш, тэр эрхтэй бүх хүнд үйлчилнэ. Яриа оноох нь Inbox-ийн "Удирдах" эрхтэй хүний ажил.
Сувгийн хандалт
Эрхийн дэлгэрэнгүй ба Суваг хязгаарлах

- Мөрийн цэс, Эрхийн дэлгэрэнгүй: эрх, хүрээ, суваг нэг дор.
- Мөрийн цэс, Суваг хязгаарлах: Messenger, Instagram, Telegram, вэб виджет.
- Дор хаяж нэг суваг сонгоно. Эзнийг хязгаарлах боломжгүй.
Эрхийн дэлгэрэнгүй: гишүүний мөрийн гурван цэгтэй цэснээс нээнэ. Тэр хүн юу харж, юу хийж чадахыг гурван хэсгээр харуулна: Эрх (зөвшөөрлүүдийн жагсаалт), Хандалтын хүрээ, Сувгийн хандалт. Ажилтан "би яагаад үүнийг харахгүй байна" гэж асуухад эндээс эхэлж шалгана.
Суваг хязгаарлах: мөн мөрийн цэснээс. "Бүх суваг" эсвэл Messenger, Instagram, Telegram, вэб виджетээс сонгосон сувгууд. Хадгалах дарна. Дор хаяж нэг суваг сонгох ёстой.
Хязгаартай ажилтанд бусад сувгийн яриа жагсаалт, шинэ мессежийн мэдэгдэл, харилцагчийн түүхээс бүгд шүүгдэнэ. Сувгийн хандалт нь хүн тус бүрт тохируулагдана: нэг эрхтэй хоёр оператор өөр өөр сувагтай байж болно.
Жишээ
Ажилтан бүрийг ингэж тохируул
| Ажилтан | Эрх | Хүрээ | Суваг |
|---|---|---|---|
| Дэлгүүрийн менежер Бат | Удирдагч | Бүх яриа | Бүх суваг |
| Чат оператор Номин | Оператор | Өөрт оноогдсон | Бүх суваг |
| Instagram хариуцсан Сараа | Оператор | Өөрт оноогдсон | |
| Захиалга савлагч | Гишүүн, эсвэл өөрийн эрх | Бүх яриа | Бүх суваг |
| AI сургагч | Өөрийн эрх: AI Удирдах + Бараа | Бүх яриа | Бүх суваг |
| Нягтлан | Өөрийн эрх: Захиалга, Аналитик Харах | Бүх яриа | Бүх суваг |
Сургалтын үеэр өөрийн багийг энэ хүснэгтээр нэг бүрчлэн тохируулаарай.
- Менежер: Удирдагч. Багаа удирдаж, AI-г сургаж, шаардлагатай бол багцыг сунгана.
- Чат оператор: Оператор. Зөвхөн өөрт оноогдсон ба шинэ яриаг харна, бусдын яриатай андуурахгүй.
- Нэг сувгийг хариуцсан оператор: Оператор + Суваг хязгаарлах.
- Захиалга савлагч: Гишүүн нь яриа хариулах эрхтэй. Харилцагчтай чатлах шаардлагагүй бол "Захиалга Удирдах + Бараа Харах" гэсэн өөрийн эрх үүсгэ.
- AI сургагч: Гишүүн эрх AI-г засахгүй (зөвхөн харна). Тиймээс "AI / Knowledge / Catalog: Удирдах" ба "Бараа: Удирдах"-тай өөрийн эрх үүсгэ.
- Нягтлан, хөрөнгө оруулагч: Зочин эрх харилцагчийн яриаг ч харуулдаг. Зөвхөн тоо харах хүнд "Захиалга Харах + Аналитик Харах"-тай өөрийн эрх илүү тохиромжтой.
Нэр нь зохиомол жишээ.
Анхаар
Эзэмшил шилжүүлэх: буцаах товч байхгүй
Зөвхөн одоогийн эзэн хийнэ. Та удирдагч болж үлдэнэ, багц шилжихгүй, төлбөрийн данс workspace-ийг дагана.
Гишүүний мөрийн цэс, Эзэмшил шилжүүлэх. Энэ товч зөвхөн одоогийн эзэнд харагдана: удирдагч ч шилжүүлж чадахгүй.
Шинэ эзэн нь workspace-ийн идэвхтэй гишүүн, баталгаажсан имэйлтэй байх ёстой.
Цонхонд үр дагавар бичигдсэн байна: - Та эзний эрхээ алдана, буцааж авах товч байхгүй. Буцаахын тулд шинэ эзэн танд эргүүлж шилжүүлэх ёстой. - Та удирдагч (админ) эрхтэй гишүүн болж үлдэнэ: тохиргоо, Inbox хэвээр. - Багц шилжихгүй: багц худалдаж авсан хүнийх хэвээр. Шинэ эзэн хугацаа дуусахад өөрөө сунгана. - Төлбөр хүлээн авах данс (QPay) workspace-ийг дагаж шилжинэ: шинэ эзэн банкны мэдээллээ шалгах ёстой.
"Дээрх үр дагаврыг ойлголоо" чагтлаад Тийм, шилжүүлье дарна.
Өдөр тутам
Эрх солих, хасах, түүх харах
- 1
Эрх солих
Эрх баганын сонголтоос шинэ эрх, баталгаажуулна.
- 2
Хасах
Мөрийн цэс, Хасах. Тэр хүн workspace-д хандахаа болино.
- 3
Үйлдлийн түүх
Баг, Үйлдлийн түүх: урилга, эрх солих, хасах бүр.
Эрх солих: хүснэгтийн Эрх баганын сонголтоос шинэ эрх сонгоход "Эрх өөрчлөх үү?" гэж асууна. Өөрийнхөө эрхийг, мөн эзний эрхийг өөрчлөх боломжгүй.
Хасах: мөрийн цэс, Хасах. Тэр хүн тухайн workspace-д хандах эрхээ шууд алдана. Ажлаас гарсан хүнийг тэр өдөрт нь хас.
Үйлдлийн түүх (Баг, Үйлдлийн түүх): багийн удирдлагын үйлдэл бүр бичигдэнэ: урилга илгээсэн, урилга хүлээн авсан, гишүүний эрх солигдсон, гишүүн хасагдсан, эрх үүссэн, шинэчлэгдсэн, устгагдсан. Хэн, хэзээ хийснийг харна. Энэ нь яриа хариулсан, бараа зассан гэх мэт өдөр тутмын ажлыг биш, зөвхөн багийн тохиргооны өөрчлөлтийг бүртгэнэ.
Түгээмэл алдаа
Түгээмэл асуудал
Ажилтан нэг хэсгийг цэсэнд огт харахгүй
Эрхэд нь тэр хэсэг алга. Эрхийн дэлгэрэнгүйг шалгаад эрхийг нь солино.
Оператор зарим яриаг харахгүй
Хүрээ нь "Зөвхөн өөрт оноогдсон", эсвэл сувгийн хандалт хязгаартай. Хэвийн зан төлөв.
Урилга хүлээн авч чадахгүй
Өөр имэйлээр нэвтэрсэн эсвэл имэйл нь баталгаажаагүй. Урилгын имэйлээрээ кодоор нэвтэрнэ.
Гишүүн мэдлэгийн санг засаж чадахгүй
Гишүүн AI-г зөвхөн хардаг. AI Удирдах эрхтэй өөрийн эрх өгнө.
Эрх устгаж болохгүй байна
Тэр эрхтэй гишүүд байна. Устгах үед тэднийг шилжүүлэх эрхээ сонгоно.
Ажилтан "би харахгүй байна" гэж хэлэх бүрт эхлээд Эрхийн дэлгэрэнгүй-г нээгээрэй: эрх, хүрээ, суваг гурвын аль нь шалтгаан болж байгааг тэндээс шууд харна.
Эзний эрхээр урих, эзнийг хасах, өөрийнхөө эрхийг өөрчлөх боломжгүй нь хамгаалалт, алдаа биш.
Шалгах асуулт
Өөрийгөө шалгаарай
- Ажилтан бүрт ямар гурван тохиргоо байдаг вэ?
- "Зөвхөн өөрт оноогдсон" хүрээтэй оператор шинэ, хэнд ч оноогдоогүй яриаг харах уу?
- Мэдлэгийн санг засах ажилтанд Гишүүн эрх хангалттай юу?
- Удирдагч эзэмшлийг шилжүүлж чадах уу?
- Урилгыг ажилтан ямар имэйлээр хүлээн авах ёстой вэ?
Хариулт нь хичээлийн хуудсанд байна.
Асуулт бүрт эхлээд өөрөө хариулаад, дараа нь хариултыг нээж шалгаарай.
Ажилтан бүрт ямар гурван тохиргоо байдаг вэ?
Эрх (юу хийх), Хандалтын хүрээ (аль яриа), Сувгийн хандалт (аль сувгийн яриа).
"Зөвхөн өөрт оноогдсон" хүрээтэй оператор шинэ, хэнд ч оноогдоогүй яриаг харах уу?
Тийм. Оноогдоогүй яриа бүх операторт харагдана, өөр хүнд оноогдсон нь л нуугдана.
Мэдлэгийн санг засах ажилтанд Гишүүн эрх хангалттай юу?
Үгүй. Гишүүн AI-г зөвхөн хардаг. AI Удирдах эрхтэй өөрийн эрх эсвэл Удирдагч өгнө.
Удирдагч эзэмшлийг шилжүүлж чадах уу?
Үгүй. Зөвхөн одоогийн эзэн шилжүүлнэ.
Урилгыг ажилтан ямар имэйлээр хүлээн авах ёстой вэ?
Урилга илгээсэн, баталгаажсан тэр имэйлээрээ нэвтэрч.
Дүгнэлт
Тогтоох зүйл
- Ажилтан бүрт: эрх, хүрээ, суваг гурвыг зориуд сонго.
- Бага эрхээр эхэл, хэрэгтэй үед нэм.
- Үндсэн эрх таарахгүй бол ажлын үүргээр өөрийн эрх үүсгэ.
- Ажлаас гарсан хүнийг тэр өдөрт нь хас. Эзэмшил шилжүүлэлтийг буцаахгүй.
Дараагийн хичээл: Тайлан ба өдрийн тойм, дараа нь Багц ба төлбөр.